
Сайн байцгаана уу, Даши Дэлэг, миний бүх шавь нар, хуврагийн нийгэмлэгийн гишүүд болон бясалгагчид. Түүнчлэн намайг мэддэг бүх хүмүүс болон биеэр учирч үзээгүй ч Номоор дамжуулан уулзах завшаан олдсон та бүгдийн амрыг эрье. Тиймээ, бид хамтдаа нэгэн машид амаргүй жилийг ардаа хийлээ. Гэвч тэр бүхэн одоо ард хоцорч та бидний амьдралд хуанлын шинэ хуудас нээгдэх гэж байна. Шинэ жилийг өөр өөр урсгалд өөр өөр өдрүүдэд тэмдэглэх нь буй харин миний хувьд Төвдийн шинэ жилтэй давхцуулан 2-р сарын 12-ны өдөр тэмдэглэх болно. Хонг Конгоос буцаж ирсний дараах карантин яг 11-ний өдөр дуусгавар болох учраас машид тохиромжтой сайхан таарч байгаа юм. Шинийн нэгэнд би Сан тавьж тахил өргөн, галын тахилгын зан үйлийг гүйцэтгэх болно. Тэр цагтаа би та бүгд, таны ойр дотныхон, өвчтэй байгаа хүн, насан өөд болсон нэгэн цөмийг нь сэтгэлдээ багтаан бодож, үйлдэх болно. Мөн түүнчлэн амьд сэрүүн байж амьдралаа цааш үргэлжлүүлэх хүмүүсийг мөн залбиралдаа багтаах нь гарцаагүй юм. 2021 онд бид гайхамшигтай шинэ жилтэй учирч, аз хийморь сүр сүлдээ бадраах нь маргаангүй. Учир нь бид Дарь эхийн Хийморийн ордонг босгон тахиж, эрдэнэсийн бумба дүүргэн тахиж сүлд хийморио дуудан сэргээсэн билээ. Тийм болохоор бид сайхан жилтэй учрах ёстой бөгөөд сайхан жилтэй учрах ч болно. Тиймээс хүн болгон үүнд итгэлтэй байх хэрэгтэй. Үүний зэрэгцээгээр Дарь эхийн тахилга хийгээд энэ бүх зан үйл бол хийморь лундаа сэргээх тоолшгүй олон нөхцөл шалтгаанаас хэдэн мянгыг нь цуглуулсантай тэнцэх үйл гэдгийг мөн санаж байхад илүүдэхгүй бөгөөд ингээд болоо гэсэн үг биш бидэнд мөн л буян хишиг саруул оюунаа арвижуулах, сурах дадуулах үйлсээ тасалдуулалгүй гүйцэтгэж, хийж буй бүхэндээ ухамсартай хандаж, одоо байгаагаасаа илүү ухаалаг болцгоон, энэрэл нигүүслээ ямагт хөгжүүлж байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй юм шүү. Илүү энэрэнгүй гэдэг маань зөвхөн өөрийгөө бус бусдыг илүүтэй бодож байна гэсэн үг юм. Ойрыг бус холыг харж өргөнөөр харж сурах хэрэгтэй. Тиймээс энэрэнгүй уужим хүчирхэг байхыг хичээгээрэй. Тэгсэн цагт бид тод тунгалаг сэтгэж ухаалаг шийдвэр гаргаж чадна шүү дээ. Тиймээс бид бүхнийг өөрсдөө хийх хэрэгтэй, Ертөнцийн Эзэн юмуу Бурхан багш ч юмуу өөр хэн нэгэн биднийг аварчихна гэж битгий бодоорой. Харин түүний оронд бидний дотор бурхан байгаа шүү гэж бодох ёстой. Бид үүнийг хийж чадах байж яагаад өөр хэн нэгэнд найдах ёстой гэж? Бид хэрэгтэй шалтгаан нөхцлүүдийг л бүрдүүлэх хэрэгтэй, гүйцээ. Тиймээс би та бүхэнд үүнд зориулсан залбирлыг энэ захианы хамтаар илгээж байгаа юм. Энэ бол Долбу нутгийн Будда буюу Долбуба Шийрав Жанцангийн бичсэн сайны сайн дээдийн дээд ерөөл юм шүү. Яагаад гэвэл энэ бол “Өө би та нарын төлөө мөргөнөө та нар азтай байх болно” гэж хэлээд орхиж байгаа бус, түүнээс хамаагүй илүү гүнзгий учир утгатайг харуулж байгаа юм. Энэ юу гэвэл бид Бурханлаг чанарын хамгийн гүнийг уудлан гаргаж байгаа учраас шалтгаан ба нөхцлүүд аль аль нь бүрдэж байгаатай ижилхэн юм. Яагаад гэвэл саруул билгүүн энэрэл нигүүсэл аль аль нь хамтдаа байгаа болохоор тэр билээ.
Тийм учраас бид энэхүү залбирлыг та бүгдэд илгээж байна. Тэгэхээр хүн бүр үүнийг дор хаяж 2-р сарын 12ний шинийн нэгэнд ганц ч болсон удаа сонсож сүжиглээрэй. Түүгээр зогсохгүй өдөр болгон машиндаа ч юмуу утсаараа ч болсон хаа байгаа газартаа сонсож залбирахыг хичээвэл бүр сайн. Сонсоод зогсохгүй заримдаа өөрөө амаараа уншиж залбиран утгыг бодож байх хэрэгтэй шүү. Энэ жилээс эхлээд бид үүнийг та бүхэнд илгээж байх болно. Би та бүхний Зогдэн хийгээд Алтан Эриний үзлийг дэмжин тусалж байдагт гүнээ талархаж байгаа бөгөөд та өөрийн төлөө өөрийнхөө хүчирхэг байхын төлөө сонсож дадуулж байгаа гэдгээ мартаж болохгүй. Би та бүхнээр машид их бахархаж мөн талархаж байгаагаа хэлмээр байна. Шинэ ондоо бид хамтдаа илүү ихийг бүтээнэ хэмээн найдаж байна. Та бүхэнд аз хийморийг ерөөе!